МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 43,026.34 нэгжид хүрч, 0.70%-ийн бууралттай хаагдлаа. Голомт Банк ХК (GLMT) олон улсын бондын зах зээл дээрээс 3 жилийн хугацаатай, 300 сая ам.долларын бондын санхүүжилт татан төвлөрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тус банкны зүгээс 4 сарын 29-ний өдрөөс эхлэн Хонконг, Сингапур, Лондон, Нью-Йорк газруудад бондын хөрөнгө оруулагчидтайгаа хөрөнгө оруулалт татахаар уулзалтуудаа эхлүүлээд байгаа аж. Бондын санхүүжилтийн төсөлд JPMorgan ажиллаж байна. Бондын өгөөж, татан төвлөрүүлэх дүн зэрэг мэдээлэл эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Тус шинэ бондын зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3/B байх төлөвтэй байна. Хэрэв та Голомт Банк ХК-ийн (GLMT) олон улсын бондын зах зээл дээрээс татан төвлөрүүлэх шинэ бондын анхдагч зах зээлийн арилжаанд оролцох хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 1. АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Зах зээлийн өсөлтөд томоохон хувьцаат компаниудын тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан болон компаниудын эерэг мэдэгдэл нөлөөллөө. Жишээлбэл, Apple компанийн 2024 оны 1-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давахын зэрэгцээ нийт 110 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний өөрийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах тухай мэдэгдэл хийлээ. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр санхүүжилт бүхий хувьцаа буцаан худалдан авах шийдвэр болж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газраас цахилгаан автомашиныг тус улсын зах зээлд давуу эрх эдлэх тухай бодлогын шийдвэрийг зөвшөөрлөө. Уг бодлогын шийдвэр гаргалтад Тесла компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Бээжинд айлчилж Ерөнхий сайд Li Qiang эрхэмтэй уулзаж зөвшилцөлд хүрсэн нь голлон нөлөөлсөн юм. Үүний дараа тус компанийн хувьцааны ханш өсөж зах зээлд эергээр нөлөөллөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 2024 оны 1-р улирлын компаниудын ашигт ажиллагаа холимог байдалтай гарсан болон Европын төв банкны 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалт дээр эргэлзээтэй нөхцөл үүссэнээр Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.48%-ийн бууралттай хаагдлаа. Евро бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны 1-р улиралд 0.3% тэлсэн үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн инфляцын түвшин 2024 оны 4-р сард жилийн өмнөх үеэс 2.4% өссөн үзүүлэлттэй гарлаа. Эрчим хүч болон хоол хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын хувьд 2.9% - 2.7%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын бодлого боловсруулагчид өнгөрөгч долоо хоногт иений ханшийг чангаруулахын тулд олон улсын валютын зах зээлд хоёр удаа интервенц хийсэн бололтой. Иений ханш чангарсан хэдий ч тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох хоёр индекс өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.79%, TOPIX индекс 1.57%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 1 ам.доллар 158 иентэй тэнцэж байсан бол бодлого боловсруулагчдын интервенцийн үр дүнд 1 ам.доллар 153 иентэй тэнцэж иений ханш чангарлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-ын бодлого боловсруулагчид зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг санхүүгийн зах зээлд авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэнээр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.52%, CSI 300 индекс 0.56%-ийн тус тус өсөлттэй байлаа. Бидний хувьд бодлогын хүүг бууруулах болон арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж зээл олголтыг нэмэгдүүлж эрэлтийг дэмжих болов уу гэх хүлээлттэй байна. |